ИНҮТ
Номын сан
Энэрэлгүй хорвоо

Болор мэт тув тунгалаг тэнгэрийн зүүн хаяанаас нүд гялбуулсан түмэн өнгийн солонгын цацрал татуулсаар наран мандлаа. Ургах нарны шижир туяа хангай хөвчийн сарьдаг уулсын мөнгөн цагаан магнайд хөлс дааварлуулж, хөнгөн цайвар манан хөшиглөн суунаглах голын хөндий, нуга талыг гийгүүлэв. Үнэгэн шогшоо салхины аясаар намилзах навч цэцэгнээ хуран хоносон шүүдрийн дусал сувд адил солонгорон гялбалзана. Алсын бараа харагдахуйц сэргэлэн дэнжид буусан хоёр гэрийн хонь бэлчээрлэн идээшилсээр баруун хөндий хүрч явна. Зэлэн дээр үхэр тугал мөөрөлдөнө. Хаврын нарны илч, үржилт
хөрсний шим хоёрт ааглан ургасан хээнцэр яргуй шиг турьхан бүсгүй гандаж хорчийсон навч шиг үрчлээт нүүртэй бөгцгөр эмгэн хоёр үнээ сааж байна.
Хотын зүүн талын гэрээс алх дөшний дуу тасралтгүй сонсдох нь хэн нэгэн хүн өглөө эртлэн үйл бүтээж суугаа бололтой. Баруун гэрийн хоймор дээл нөмрөн завилан сууж, цэцгэн хуартай далбин амсартай гангар шаазанд шар хойг болсон өтгөн цай мэлтэлзүүлэн хийгээд амтархан оочилж байгаа ахимаг эрийг гүзээ Намсрай гэдэг. Гэдэс нь өмднийхээ захыг даван шалхайн унжиж, дэнхэр толгой, эргэлсэн дух, хянган хамар нь аягатай цайнд бүдэгхэн тусах төдий. Түмэн сүүдэр хээтэй зургаан том авдар эгнүүлэн тавьж зүүн талын эрээн нүүртэй орон дээр улаан цэмбээр хөвөөлсөн олон эсгий гудас давхарлаж дээр нь хивс дэвсжээ. Авдар бүрт олон өргөстэй цоож зүүснийг үзэхүл үнэт эд агуурс агуулсан бололтой. Айргийн хөхүүр, бүрхээр, тогоо сэлтийг баруун талаараа дэс дэсээр нь тавьсан ажээ.