ИНҮТ
Номын сан
Монгол бичгийн зөв бичихзүйн толь

Хүмүүн бээр хэлээр дамжуулан ургуулан бодож, нэгтгэн дүгнэдэг. Өөрөөр хэлбэл хэлээр сэтгэдэг болой. Хэл бол сэтгэлгээний багаж юм. Өөр өөр хэл гэдэг бол өөр өөр сэтгэлгээ буюу ертөнцийг өөр өөр үзэхүй байдаг. Харин ертөнцийг өөр өөрөөр үзэхүйн үр, тусгал хэлбэр нь өөр өөр үндэстний соёл амуй. Иймд хэл бол зүгээр нэг бидний өдөр тутмын харилцааны үхмэл хэрэглүүр бус сэтгэлгээг бүтээгч амьдлаг шинжтэй үйл явц, соёлыг бүрэлдүүлэгч хамгийн гол хүчин зүйл юм. Товчхондоо «Хэл = Сэтгэлгээ = Соёл» буюу үндэстний соёл гэдэг бол үндэстний хэлнээс үүдэн тогтнож байдаг зүйл гэж үзүүштэй. Хэлний хувьд нэгдмэл байх нь үндэстэн бүрэлдэхийн үндэс юм. Иймээс хэл бол улсын тусгаар тогтнохуйтай шууд холбоотой зүйл болой. Монгол хэл нь гарлын хувьд алтай язгуурын хэл буюу түрэг, манж-түнгүс, солонгос, япон хэлтэй холын хамаатан бөгөөд хэв шинжийн хувьд залгамал (agglutinative) болно. Өөрөөр хэлбэл, үг бүтэх ёсны тухайд үгийн цөм утгыг хадгалсан язгуурын араас үг бүтээх, үг хувилгах бүтээврүүд угсран ордог. Тэгвэл ийм онцлогтой хэлэнд зөв бичихзүйн ямар
зарчим тохирох вэ? гэдэг асуулт урган гарна. Бидний өвөг дээдэс 1000 шахам жилийн тэртээ эх хэлнийхээ мөн чанарыг сайтар ухаарч, үгзүйн зарчимд тулгуурласан зөв бичихзүйтэй монгол бичгийн хэлийг боловсруулан хэрэглэсээр иржээ. Харин шинэ үсгийн зөв бичих дүрэм энэ уламжлалаас хазайсныг хэлний мэргэжилтэн хэн бүхэн мэдэх билээ. Энэ мэтийг ярьвал тун ч их зүйл бий. Багцлан хэлбэл, 800 шахам жил тасралтгүй хэрэглэж ирсэн монгол бичгээ сурч, түүгээр туурвисан зохиол бүтээлийг судлахаас өөр гарц үгүй юм. Дүгнэн хэлбэл, монгол бичиг нь хамаг монгол туургатны хэл аялгууг хамтатган
тэмдэглэж, хэдэн зуун жилийн түүхийн түүчээ, судар шастирын цоморлигийг улираан уламжлуулсан монголчууд бидний эх хэл, эв нэгдэл, эрдэм мэдлэг, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм нандин гэрч, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв мөн болно. МУИС-ийн багш доктор (Sc.D), профессор Ш.Чоймаа