ИНҮТ
Номын сан
Монголын шилдэг өгүүллэг

ХУУЧИН ХYY
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорж, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэж тэнгэрт мөргөсөөр нэг нас барна.