ИНҮТ
Номын сан
Зам

Гэтэл осолдохгүй тэнгэр дуугарах шиг нижигнэсэн их чимээ гарч морь учиргүй үргээд хаячих гээд болдоггүй, гайхшаа барж ийш тийшээ харлаа. Тэнгэрт хумсын чинээ ч үүл байсангүй цэв цэлмэг, өнөөх дуу бүр ч ойртлоо. Замаасаа гарч авч шуугих гээд байсан мориныхоо жолоотой ноцолдож байтал зүүн хөтөл дээр хоёр хар амьтан гараад ирлээ. Анхан сарлаг юм уу гэж бодон сайн лавлан хартал бишээ, газрын уруу яах ийхийн зуур хамхуул өнхрөх шиг бөмбөрөөд ирэх нь тэр. Нүргэлсэн паргиа дуу тархи толгой хагалчих шахлаа. Айсан гэдэг ч жигтэйхэн нүдээ аниад л давхичихлаа. Өнөө хоёр амьтан намайг хөөгөөд ч байх шиг. Давхиж давхиж нэг харсан чинь нилээд зайтай муухай орилсоор Гэгээний хүрээ ордог замаар тоос манаруулан хөөцөлдсөөр дөрөлж даваад алга болчихлоо. Би өдий дал хүртлээ тийм муухай дуутай хурдан амьтан ер үзээгүй. Үгүй ердөө л нүд ирмэхийн зуур л үзэгдээд өнгөрсөн, гэгээнтэнтэй тэрслэхээр яваа буг шулам нь ч юм уу? Цаг төр цөвүүн болохоор тийм сүрхий амьтан манай нутагт ирэх нь ч энэ юм уу? Хэн мэдэх вэ? гээд Санж чимээгүй болов. Чагнаж байсан хүмүүс улам л айн сүрдэж ямар гай зовлон тарихаар юу гээч нь ирсэн юм бол гэж бодоцгоов.