ИНҮТ
Номын сан
Цахилж яваа гөрөөс

Ээжээ баруунтайгаас нэг морьтой хүн айсуй гэсэн үг түүнийг тэр зүг харахаас өмнө хамаг биеий нь зарсхийлгэхэд өргөж байсан чулуугаа Дэжид золтой л алдчихсангүй. Дээрээс нь гэнэт хүчтэй тавьсан чулуунд шахагдсан аарцны шар ус уутаа нэвчин гутал руу нь годхийв. Тэр хөлөө зайлуулсан ч үгүй, аарцан дээрх чулууныхаа хазгайг тэгшилж байлаа. Хэлтгий бол жигд шахагдахгүй, зүсэхэд бутарч ойчоод байх болно гэж бодсондоо ийнхүү тэгшилж байгаа бус ерөөс энэ ажлыг хар нялхаасаа гуч хүртлээ хийж дадсан дадлаараа л хийх бөгөөд ухаан санаанд нь мөн гэдгээс өөр юү ч үл бодогдон өөрийн эрхгүй тэр зүг харвал үнэхээр мөн байсанд сэтгэл нь харанхуйлан хоолой дээр нь ямар нэгэн юм тээглэн шүлс нь залгиж болохгүй болчих шиг болов. Эхийгээ айсуй яваа морьтны зүг харахыг хүлээн зогсож байсан хүү нь:

- Аав мөн үү? Ээжээ? гэж асуугаад дахин тэр морьтны зүг хэсэг харж зогссоноо
эхийнхээ хариу хэлэхийг ч хүлээхгүй
- Мөн байна, мөн байна гэж хашгиран гэртээ гүйн орлоо. Урьд нь хүүгээ ингээд ороход нь "Хүүе чи галдаа аргал хийгээрэй" гэх юм уу эсвэл "Яах чинь вэ, чи" гэж хойноос нь хашгирдаг байлаа. Энэ нь шинэ махтай үед хоолоо хийхдээ "Өнөө шөнө аав нь ирж магадгүй, ирээд идэг" гээд чанасан дал, хэдэн хавирга, цорой ч юм уу ямар нэгэн бүхэл махны тухай үг бөгөөд хүү эцэгтээ мөнөөхийг өгөх гэж ямагт яарч шон дээр буухад өөдөөс нь бариад гүйх нь халаг болдог,эх ч "Байз гэм чи яасан тавьтиргүй монд вэ" хэмээн загнах өхөөрдөх хослон хоцордог байв. Энэ удаа ч хүү мөн эцэгтээ тавьсан юм руу явж байгаа нь тэр аж.