ИНҮТ
Номын сан
Цаг төрийн үймээн

Огторгуйн гүн дэх од мичид зүүнээсээ өнгө бууран шингэрч эхлэв. Энэ бол удахгүй үүр цайхын тэмдэг билээ. Түүний доорх бүдэг бадгийн дунд халхын гурван жинжин "Зүүнхараа" хэмээх хөдөө нутгийн нэгэн баян пүүсийн зузаан шавар ханатай байшингаас том том баглаануудыг өнхрүүлэн гаргаж атар тарган тэмээнүүдэд хүч дайчлан тэгнэнэ. Өвлийн эхэн сарын үүр шөнө, жавар яггүй жиндүү байвч төрөлхийн чийрэг болоод даарах, халууцах хоёрыг даан их юманд боддоггүй тэр жингийн хүмүүс дан цамцаар буюу бошинз төдийхнийг өмссөн ажээ. Тэдний нэг нь бүр нүцгэн цээжээ гялалзуулах атал нөгөө хоёроосоо илүүтэй халууцах учир хөлөрсөн биенээс нь уур савсах бөгөөд хүн хүнээс гажууд юм шиг үзэгдэнэ. Энэ эр бол нөгөө хоёр эрийн дундын зарц, хөтөл Данзан гэгч байлаа. Атар тарган тэмээнүүд анир чимээгүйн дунд хамар шуухитнуулан хааяа нэг нь татлага чангалахад ярдаглан "гав гув" дуугаран, амнаасаа хивдэс гарган хаяна. Бүх тэмээ тавь гаруй боловч гурван жинчийн ажил агшин зуурын дотор дуусаж түрүүчийн тэмээ яг үүрийн шар гэгээг угтан гарав.