ИНҮТ
Номын сан
Танихгүй танилуудын золголт

Цэргийн яамны өндөр шургааган хашааны баруун талыг эзэлсэн том цагаан гэрийн зүүнээ хориодхон алхам зайтай байгаа дүнзэн байшингийн хэдэн цонхноос шөнө дөл өнгөртөл гэрэл гэгээ тасарсангүй. Цэргийн холбооны байшингийн нэг өрөөнд чихэндээ чагнуур хийсэн хэдэн хүн сууцгааж, цахилгаан мэдээний хэрэгслэлийг ширтэцгээнэ. Гонзгойвтор царайндаа зохисон өтгөн хөмсөг дороос цогтой цоргисон алаг нүдтэй залуу эр, дугуй дамраас хөвөрч байгаа цаасан туузыг ширтэн зогсохдоо уруулаа үл мэдэг өмөлзүүлнэ. Түүнийг Зундуй гэдэг. Сар гаруйн өмнө тагнуулын түр сургууль төгсөөд нууц түлхүүр
тохируулагчаар ажиллах болжээ. Зундуй арван естэй боловч угийн номхон гүдэсхэн зан, шулуун шударга чанар, илүү дутуу үгүй авир араншин нь багш мэргэжилтэн нарын анхаарлыг их татжээ. Заасан зүйлийг тогтоох гоц авьяас, ой ухаан, холбогдолтой сэжгийг өлгөн авч соргог сэтгэх өвөрмөц чанар түүнд заяажээ. Тагнуулч хүнд байдаг тэр гойд чадварыг мэргэжилтэнгүүд анхаарч, өндөр хариуцлагатай ажилд тохоон томилсон юм. Тэрээр сургууль төгссөнөөс хойш долоо хоног бүрийн нэг шөнийг ингэж өнгөрөөхдөө сэтгэл догдолдог болсныг гадарлав. Чингэж ээлжит дохио хүлээсээр тав дахь ээлжиндээ болзоот дуудлагыг сонсоод эчнээндээ баярлажээ. Гэсэн ч сэтгэлийн ийм хөдлөл Зундуйн нүүр царайнд илэрдэггүй, жирийнхээс илүү тайван уужуу байдаг явдал гайхалтай. Тэрээр нэвтрүүлэг хүлээн авагчийн туузнаас хуулсан тоонуудыг жагсаасан цаасаа барьсаар өрөөндөө орж ирэнгүүт тоонуудыг тохирох үгээр орлуулан сийрүүлээд гүнээ санаа алдлаа.