ИНҮТ
Номын сан
Солиорол

Өдөржин хэргийн газар байсаар ажил тарсныг ч мэдсэнгүй. Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавиагүйгээ гэртээ ирсэн хойноо сая санаж аяга цай ч болсон чаная гэж бодтол гэнэт Батаагийн захиа санаанд оров. Би шуудхан л гараад алхчихлаа. Тэднийх хотын захруу хашаанд байдаг юм байна. Хашааны хаалга нээж өгсөн гунигтай байрын уйтгартай харцтай бүсгүйгээс
-Батаагийнх мөн үү гэсэнд
-Та Хүрэл мөн үү, тэр байшин гээд жижигхэн өмгөр байшинг заалаа. Эхнэртээ л лав хэлж дээ гэж бодсоор ортол бөгтөрдүү нуруутай нэг хүн цааш хараад сууж байв.
-Сайн байна уу?
-Өө чи хүрээд ирэв үү. Хичнээн ч жил уулзсангүйвдээ гээд инээхэд нь би сая түүнийг танив. Хорвоо гэдэг хүнийг яасан амархан өөрчилж, элдүүрийг нь хангана вэ? Саяхан л божийсон бор хүү байсансан. Багын найз Батаагаас минь одоо ердөө ганцхан танил инээмсэглэл төдий үлдэж дээ. Царай нь харлаж юуных юм гүн сорвитой болжээ. Эхнэрийг нь цай аягалах зуур гэр доторхийг нь ажиглавал хогшил хөрөнгө гэх юмгүй, будаг нь халцарч элэгдэж хуучирсан бараан авдар дээр хэдэн ном харагдана. Энэ маань ядарч яваа юм болов уу даа гэж бодоод түүнийг хартал
-За тэгээд сайн уу. Чамайг чинь хил дээр насыг элээх нь юм болов уу гэж бодсон чинь гээд Батаа нөгөө танил болсон инээмсэглэлээрээ инээд алдлаа.