ИНҮТ
Номын сан
Нууцгай хайрын паян

-Яаж хоёр яс сална даа?...
Ууганжаргалын санаа алдан хэлсэн үгэнд Батбаяр цочих шиг болов. Эхнэр нь энэ үгийг бүр үнэн голоосоо, хэрэв Ерөө өөрийн нь охин байгаад төрөх гэж тэнд очсон бол эхийн хувьд сэтгэл түгшсэн үедээ хэлмээр тийм л өнгөөр хэлжээ. Үгүй ер нь Ерөө төрж чадах л байгаа даа? Дөнгөж хорин нас шүргэж яваа нялхаараа шахуу амьтан шүү дээ... Батбаярын сэтгэл туйлын их зовж байв. Тэбээр дэмий л хүлээх өрөөний чулуун шалан дээгүүр нааш цааш алхах ажгуу. Батбаяр Ууганжаргал хоёр хотын нэгдүгээр амаржих газрын үүдэнд хүлээлгийн өрөөнд сэтгэл түгшин, чимээ чагнаж байлаа. Охин хүүхдээ, хань ижлээ төрөхийг хүлээсэн олон хүн үүдний өрөөнд чингэж чимээ чагнан, зарим нь сандал дээр сууж, зарим нь нааш цааш холхих ажээ. Амаржих газрын тасгуудаас сая төрcөн нярай хүүхдийн уйлах энхрий дуун сонстоно. Гадаа идэр есийн жавар тачигнан, үргэлжид хүмүүс орж гарах гадна хаалгаар жаварлаг хүйтэн салхи цан уур савсуулан үлээнэ. Хүлээлгийн өрөө уудам том, чамгүй урт уурын сарзгар хоолой сайн халж байсан боловч гаднаас үргэлжид орох жавар салхинаас болов уу, хүлээлгийн танхим хүйтэн байлаа.