ИНҮТ
Номын сан
Монгол туургатны үлгэр

Эр хүний нөхөр яс
Эрт цагт гэнэ. Хүн амьтан арилжаа наймаа хийж явахдаа заавал дайрч өнгөрдөг бөгөөд ойр хавьд айл хунар огт байдаггүй, буйд бөглүү газар байдаг байв. Наймаачид үүгээр өнгөрөхдөө заавал нэг хонодог байж. Энэ замаар наймаачид өнгөрдөг гэдгийг хулгайч дээрэмчид олж мэдээд, шөнийн харанхуйг ашиглаж, дээрэм хийдэг болж гэнэ. Нэг сэргэлэн залуу түүнийг олж сонсоод, тэнд хонохдоо уран арга гаргахаар шийджээ. Залуу унтахынхаа өмнө майханыхаа үүдэнд нэг богт чөмөг босгож хатгаад, өмнө нь нэг хавирганы яс хөндлөн хавчуулж тавьчихаад унтав. Шөнө дунд хулгайчид наймаачдын ачаа барааг хулгайлахаар майхны хажууд иртэл үүдэнд нь буу барьсан хүн зогсож байв. Үүнийг харсан хулгайчид ухаан жолоогүй зугтаж алга болжээ.
Учир нь богт чөмөг, хавирганы яс хоёр шөнийн харанхуйд буу барьсан хүн шиг харагдсан юм байж.
Түүнээс хойш бусад наймаачид ч тэр аргыг хэрэглэж, хулгайчдад эд бараагаа алдалгүй авч
хоцордог болжээ. Ийм учраас хуучны хүмүүс богт чөмгийг эр хүний нөхөр хэмээн ташиж идэхийг цээрлэдэг байжээ.