ИНҮТ
Номын сан
Багын явдал

Нээрэн ч та нар миний багын явдлыг мэдэхгүй байх. Би ийм жаал байсан юм. Намайг Төмөрсүх гэнэ. Янжингийн "Босоо ороолон" ч гэнэ. Бас "Ийрэл саарал" ч гэнэ. Төмөрсүх гэдэг нь манай нагац өвөөгийн өгсөн нэр гэж ээж хэлдэг юм. Өндөр өвөө надад яагаад тийм нэр өгснийг мэдэхгүй. Манай том сүх огт иргүй мөлгөр мөртөө түлээ хагалахад их сайн даадаг зузаан төмөр сүх байсан юм. Бодвол намайг төрөөд өлгийтэй хэвтэж байхад өвөө надад нэр өгөх гээд ийш тийш хартал манай том сүх нүдэнд нь тусаад надад Төмөрсүх гэдэг нэр өгсөн болов уу. Янжингийн "Босоо ороолон" гэдэг нэр хэн өгснийг бүү мэд! Хамар хашааны Дондог өвгөн л өгсөн байж магадгүй юм. Тэр өвгөн намайг дандаа л тэгж нэрлэдэг байсан сан. "Босоо ороолон" гэж чухам юу байдгийг би мэдэхгүй боловч энэ үг "тамтаггүй зүггүй жаал" гэсэн утгатай томчуулын этгээд хачин үгийн нэг байх.