Аливаа улсын төр хүний эрхийн асуудлаар үүрэг хүлээдэг бөгөөд төрийн чиг үүргийг
хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан, алба хаагчид хүний эрхийн ойлголттой, хүний эрхэд
суурилсан хандлага, арга зүйгээр үйл ажиллагаагаа явуулах хэрэгцээ шаардлага бий болж байна.
Хүний эрх ба хөгжил хоёр нь харилцан хамаарал бүхий үнэт зүйлс болохын хувьд учир
шалтгаант холбоогоор холбогддог. Хүний эрх болон хөгжлийн хоорондын хамаарал нь Хүний
хөгжлийн хандлага, НҮБ-ын Хөгжих эрхийн тунхаглал, Мянганы хөгжлийн зорилтууд, Тогтвортой
хөгжлийн зорилтууд зэрэг баримт бичгүүдэд тусгагдсан байдаг. Эдгээр баримт бичгүүд нь хүний
эрх ба хөгжлийн хоорондын харилцан хамаарлыг чухалчлан үзэхийн хамт олон улсын болон
үндэсний хөгжлийн бодлогод тусгахыг эрмэлздэг. Мөн иргэний, улс төрийн, нийгэм, эдийн засгийн
болон соёлын ямар нэгэн эрхийг эдлэх боломжгүй байх нь хөгжилд тулгарч буй бэрхшээл саад
мөн болохыг онцлон үзсэн байдаг. Эцэст нь хэлэхэд, хүний эрх болон хөгжлийн хоорондын
нэгдмэл чанарт үндэслэсэн эрхэд суурилан хөгжих хандлага, түүний үнэт зүйлсийг чухалчлан
үзэх байдал нэмэгдэж байна.
Энэхүү сургалтын гарын авлагад хүний эрх болон хөгжлийн хоорондын хамаарал, уялдаа
холбооны талаарх хэлэлцүүлгийг хөндөж байна. Дээр дурдсанчлан, хөгжил нь хүний эрхийн үзэл
санаа, эрх чөлөөт байдал дээр үндэслэх ба эргээд түүнийг түгээн дэлгэрүүлэх, хангах, хамгаалах
баталгаа, суурь нь болж өгдөг. Хөгжлийн мөн чанар нь хүмүүс эрүүл, зөв мөн бүтээлчээр амьдрах
орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Тийм учраас хүний хөгжил гэдэг нь аливаа үндэстний
орлогын хэмжээ өсөх, буурахаас илүү өргөн дэлгэр, гүн гүнзгий агуулгатай юм.