ИНҮТ
Номын сан
Галаар амьсгалсан өдрүүд

Зуны дунд сарын дүрэлзсэн нар элчилгүй их талын дээрээс галт цацрагаараа хайр найргүй төөнөх авай. Чих жингэнэм аниргүй талыг дүрсгүй жиргээгээрээ баясган байдаг бялзуухай хүртэл аагим халуунд бахардан бут сөөгийн сүүдэрт хоргоджээ. Алсын алсад хаяа нийлсэн газар тэнгэр хоёрыг үд дундын наран ганцаар эзэгнэн түймрийн адил ягаан туяатай хөхөмдөг униар хязгааргүй их талыг нэлэнхийд нь бүрхээд амьд амьтан бүхний сэрэл, зөн билгийг түгшүүр, уй гуниг эзэмджээ. Танкны гинж, машин тэрэгний дугуй, морьдын туурай хөрсийг нь хэдэнтээ урвуулж хөрвүүлсэн шороон зам тэр уудам талын ухаа гүвээ, толгодын дундуур тахиралдан Халхын гол тийш хөврөн одсон байлаа. Баруун хойноос зүүн урагш чиг барьсан тэр шинэхэн шороон замаар үе үе довтолгон өнгөрөх цэргийн цуваатай зөрөн ачааны нэгэн машин халсан мотороо ёнгинуулан өндөр даваа өөд өгсөж яваа мэт хүчлэн зүтгэнэ. Шороо тоосонд дарагдан зэгэл саарал болсон тэр машин дээр таван монгол цэрэг винтов бууныхаа амыг тэнгэр харуулан тулж дугуйран сууцгаажээ. Улайстлаа халсан төмөр дуулгаа ч тэд тайлсангүй. Цэрэг эрс халууцаж нозоорсондоо бус ямар нэгэн зүйлд сэтгэл түгшин шаналснаас төмөр дуулга дороос цус хурсан улаан нүдээрээ бие биеийнхээ хөлс асгарсан хөөнгө хүрэн нүүрийг сэм сэмхэн ээлжлэн харна.