ИНҮТ
Номын сан
Гологдсон хүүхэн

Байдалд зохист намар цаг, сэтгэлд зохист яруу газар, Бэлэн далай гэдэг зөөлөн говь нутагт нэгэн хэсэг олон адуу сүрэглэн явахад адуу хэдийгээр алхлавч зөөлөн хуурай хөрс нь адууны хөлд гишгэгдэж, улбар тоос бужигнан, улмаар аясын салхинд туугдсаар цэлмэг агаарт замхарна. Ардаг тарган адуу нь алс талдаа бэлчихэд, адуучин ядуу ард нь гэрийн зүг хүсэв. Эдэлсэн эзэн нь гэртээ дурлаж, эдлэгдсэн морь нь ижилдээ дурлаж, унасан морины толгойг хазаарын хүчээр эргүүлэвч бүхэл бие нь адууны зүг явж уурга ташуур хөшилдөөд, унасан морь тэмцэлдээд, тал дээр ганц бие, адуун дотор ааш догширч, морины гуянд бүдүүн ташуур тас няс хийтэл тушааж адууны дундаас халиун морийг унасан, урт уурга чирсэн нэг гавшгай хүн гарч өмнө зүг чиглэн давхисаар нэг баялаг айлын гадаа буужээ. Энэ хүн бол гучаад настай, махлаг хөх царайтай, толгойд хир болсон хөх цууямбуу зангиджээ. Нэр Долингор гэдэг. Энэ айлын баруун талд том эсгий гэр, ар биеийг саяхан шинэлсэн тул хойноос нь харвал дун цагаан бөгөөд хар хялгасан оосор бүслүүр татсан нь зураг мэт зурайна. Өмнөөс нь харвал ноднин жилийн арын бүрээсийг сольж хийсэн нь утаа ба бороонд баахан шарласан тул буурангуй цайвар харагдана. Гэрийн хойд талд умраас өмнө хандуулсан хасаг тэрэг, сүйх тэрэг, төмөр тэрэг, цүүвэй тэрэг зэрэг хориод тэргийг цувруулан угсарчээ. Түүний доор мөөр тэнгэлэг, хигээс, банз, буулга, тэмээний шат, хатсан ховоо, эвдэрсэн агруу торх, хувин зэрэг элдвийн юмсыг нэг дор овоолсон үзэгдэнэ.