ИНҮТ
Номын сан
Нууц Товчооны Нууцуудаас

«НӨХӨР ШОРОЛГО-ДОО» ГЭДЭГ ҮГИЙН УЧИР
«Монголын нууц товчооны» эх бичгийн арван хоёрдугаар зүйлд Чингэс хааны дээд өвгийн нэг Добун мэргэн гэгч гөрөөлж яваад ой дотор буга алж авид хавиргыг нь шарж байсан урианхай хүнтэй уулзсан тухай хэлжээ. Уг эх бичгийн 13 дугаар зүйлд дээр дурдсан явдлыг үргэлжлүүлэн хүүрнэж бичсэн нь:
«Добун-мэргэн өгүүлрүүн: Нөкөр широлха-да кэжүү. Өксү кээжү аушгиту жилдү1 арасун ыну абчу жөэ2 бугу-ийн миха губчин-и Добун мэргэн-э өкбэ» гэжээ. Дээр эш татсан 13 дугаар зүйлийн агуулгыг орчин цагийн монгол хэлэнд барагцаалан буулгавал. «Добун мэргэн өгүүлрүүн: «Нөхөр шоролго-доо! гэжээ. «Өгсү (өгье)» гэж уушгит зүлд3 арьсыг нь авч бугын мах хөвчнийг (бүхлээр нь) Добун мэргэнд өгөв» гэжээ. Энэ 13 дугаар зүйлийн дотроос Добун мэргэний хэлсэн «нөкөр широлга-да!» гэсэн холбоо үгийн утга битүүлэг, найруулга сонин бөгөөд нийт өгүүлбэрийн утгыг ухахад онц холбогдолтой тулд «Нууц
товчоог» судалсан эрдэмтдийн анхаарлыг хэдийнээс татсан байна. Хятад үсгээр монгол хэлээр сийрүүлэн бичсэн «Нууц товчооны» эхэд хавсаргасан хятад товч орчуулгын дотор энэ холбоо үгийн утгыг тайлахдаа: «Добун мэргэн тэднээс мах гуйсанд урианхай хүн тэрхүү бугын толгойг арьс уушги зүлдийн хамтаар өөртөө авч, үлдсэн махыг цөм Добун мэргэнд өгөв»4 гэжээ.