ИНҮТ
Номын сан
Сэтгэлийн тэнхээ

СУМ
Их бууны сумны модон хайрцаг дээр тавьсан шилэн хорготой дэнгийн гэрэлд Дэндэв ойртон тонгойж алган дээрээ тавьсан сумыг эргүүлж тойруулан үзэв. Мянга есөн зуун хориод оны үеийн орос винтовын жирийн л нэг сум байлаа. Бөгсөнд нь жижиг гуулин цагариг гагнаж урт нарийн сураар оосорлосон байна. Байлдагч Цогт дайсны гүнд тусгай даалгавар биелүүлэхээр явахдаа сумангийн улс төрийн удирдагч Дэндэвт тэр сумыг хадгалуулахаар үлдээжээ.
Чухам тэр сумнаас болж хувьсгалт залуучуудын эвлэлд залуу байлдагч элсэж чадаагүй ажээ. Баянцагааны тулалдааны дараа сумангийн олон байлдагч, нам, эвлэлд элсэх өргөдөл гаргав. Арван наймтай байлдагч Цогт эвлэлд элсэх өргөдөл бас бичсэн билээ. Баянцагааны өндөрлөгөөс японы цэргийн их хүчийг монгол, зөвлөлтийн армийн анги нэгтгэлүүд хамтын хүчээр ховх цохин Халхголын зүүн эрэгт таягдан хаясан нүсэр ширүүн тулалдаанд сумангийн байлдагчид, тэдний дотор байлдагч Цогт үнэхээр гарамгай байлдсан тул хувьсгалт залуучуудын эвлэлд элсэнэ гэдэгт Дэндэв огт эргэлзэхгүй байв. Гэтэл санаснаар нь болсонгүй. Тулалдааны завсар чөлөөнд харилцах шуудуу дотор болсон эвлэлийн хурлаар Цогтын тухай хэлэлцэх үед «Сахиус зүүдэг, шашин шүтдэг хүн хувьсгалт залуучуудын эвлэлийн дайчин эгнээнд байж таарахгүй» гэсэн шүүмжлэл гарав. Цэргүүд усанд орж байх үеэр Цогтын хүзүүнд суран оосортой сахиус байхыг байлдагчид үзсэн гэнэ. Залуу байлдагчийн хүзүү, хацар, чих нь час улаан болж гутлынхаа хоншоорыг ширтэн зогсож байсныг Дэндэв тодхон санав. Сахиусныхаа учрыг тэр тайлбарлахыг завдан байтал цэргүүд давшилтад орох болж, хурал завсарласан билээ. Түүнээс хойш хуралдах зав чөлөө гарсангүй.