ИНҮТ
Номын сан
Цагийн салхи

Миний нэр Цэрэндорж. Би төвийн нэгэн сонины сурвалжлагч. Гурван есийн хүйтэн шиг тачигнаж, зуны дунд сар шиг дэлгэрсэн омголон идэрхэг үедээ Зөвлөлт Холбоот Улсад Ломоносовын нэрэмжит улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Багш нар, ахмад нөхөд, нутгийн буурлуудын цөөн зарим нь тэнгэрээс од шүүрэх хүү гэж итгэдэг байсан ч мориор бол би дааган насандаа хурдлаад харамсалтай нь үрээ наснаасаа хоцорч эзний сэтгэлийг харлуулсаар их адуундаа орж ууссан унаар морины адил богинохон намтартай хүн. Өдрийн од шиг цөөн, өвлийн хун шиг содон аятайхан тав гурван өгүүллэг, найрууллыг эс тооцвол жижүүрийн гарчигтай мэдээ бичигч төдийхнөөс хэтэрсэнгүй. Даан ч ажиггүй явсан хүүхэд ахуй цагтаа Улаанбаатар хотын багшийн сургуулийг дүүргэж билээ. Зуун дөчин гурваас ганцаарыг маань онц сурсан гэж намайг Бээжин хотын их сургуульд явуулахаар шийдвэрлэсэн юм. Намар нь нийслэл хот орж ирээд захирлын өрөөгөөр орсонд манай захирал улаан нүдэн хочтой Сүрэн багш Гэгээрлийн яамны орлогч сайд болоод дэвшчихсэн, Цэрэндоржийг
үзэгдсэн дор нь явуулж уулзуул гэж захисан байв. Би очлоо. Нар хурд ойрхон ногоон талаасаа зулгарсан агь, ийлсэн унага шиг холдож улсын хилийг алхан Бээжин хот явах гэж очиж байгаа маань тэр. Гунигтай хэр нь баяртай, баяртай хэр нь гунигтай дэгдэж хүрсэн юм сан.