ИНҮТ
Номын сан
Минжий хангай

Хараагийн гол, Баатар вангийн хошуу уул ус ургамал, ногоо, ан амьтан, рашаан булаг тэгш, хүн малын жаргалын орон гэж халх даяар цуутай билээ.
Үзэсгэлэнт тэр нутаг, өөр шиг нь зүсээ алдаж хөсөр хэвтэж өгөршсөн хувцас шиг навсайн ноорсныг өвгөн Цэмбэл харж зогсоно. Хараа гол урсдгаараа урсаж, хангай дэлхий ургадгаараа ургасаар авч голын дагуух уужим хөндий урт, амаар танан цагаан гэр ярайн, мал сүрэг багтаж ядан багширч байдаг тэр цаг хэдийнэ өнгөрчээ. Голын хоёр талын хөндий, ам жалга хаана л бол хаана, үзэмж сүргүй навтгар шавар байшин хөглөрөн новширч, гахай, тахиа хог шиншлэн гүйлдэнэ. Хараагаас эхлээд гол горхи бүрийг хааж боон, дуртай тийшээ урсган, өвөлжөө хаваржаа, намаржааны нутаг бэлчээрийн хөрсийг онгилон тариа ногоо тариалж, морь уралдах нь битгий хэл, явган явахад суваг шуудуу, шангийн хонхорт бүдэрч унамаар. Хаврын хаварт хагалсан газрын сул шороо тэнгэр баганадан, уул ус цөм шороонд дарагдан өнгө үзэмжгүй зэгэл саарал болно. Хүний сэтгэл, малын өнгө, ой хөвч, уул тал цөм зэгэл саарал болсон мэт. Монгол хүн ганц нэг үзэгдэх нь их л сонин. Хаана л бол хаана дуу чанга, омог их, ярвагар дарвагар хар хятад дайралдан харь хэлээр шулганалдан, хааяа заримдаа
Монгол хэлээр хазгай муруй бурна.