ИНҮТ
Номын сан
Соёо

Нэг
Орж ирсэн хүмүүс цай уусангүй, машинаа ч унтраасангүй. Тэр нь гадаа сулбуухан сүр сүр дуугарч байв. Эх дэмий л зуухандаа аргал зэрэглэн галаа асаангуут тогоогоо тавитал тэдний нэг нь -Должид гуай минь юу хэв дээ. Бид золгох гэж ирсэнгүй. Таны нүүрийг харах хэцүү л байна. Гэвч яая гэх вэ, бидний ажил ийм юм. Аавтай нь цаг нэг биш удаа л ингэж явсан юм. Түүнээ бодож байгаа нь энэ гэсээр ийм юманд хүргэчихлээ. Анхнаас нь зөв түшиж чадсангүй.
Зайлуул, тэр залуу мэнд л үлдээсэй билээ. Бас уужим сэтгэл гаргаж биднийгээ уучлаарай даа. Хуулийн өмнө бид үнэндээ ялгаагүй, гар мухар болчихдог юм байна шүү дээ гэж учирлахыг эх сонсох ч шиг үгүй ч шиг байв. Хүү нь дув дуугүй шуухитнан хувцаслав. Гэнэтхэн шархийсэн чимээ гарахад эх цочив. Тэдний нэг нь тогоо түлэгдэж байхыг хараад ус хийсэн юм санжээ. Хүү нь багадаа алив нэгэнд гомдоод гэрийн хаяа ширтэн суудаг шигээ толгой унжуулан хөлөө жийрэглэж суув. Эх тэгж суугааг нь харангуут ухасхийн авдраа уудлаад эцгийнх нь гутлыг гаргаж өгөв. Цоо шинэ гялалзсан хром. Эцэг нь энэ гутлыг арван нэгэн жил өмссөн юм. Гэхдээ дандаа ч үгүй л дээ. Цол дэвших, одон авах, нийслэлд уригдах, наадамдахдаа л өмсдөг байв.
-Эцгийнх нь хийморь шингэсэн гутал юм шүү. Энүүний нь битгий хураачихаарай гэж хэлэхдээ л хамгийн тайван, тэр бүү хэл хорсолтой дуугарч байгаагаа анзаарав. Хүү хувцаслаж гүйцээд эх уруугаа ирж духайн зогсуут
-Ижий минь гэж хэлэв. Өөр үг хэлсэнгүй. Нулимс гялтганасан нүдийг нь хармагцаа илүү үг
хэлж ч чадахгүй гэдгийг эх ойлголоо.