ИНҮТ
Номын сан
Хангайн Бор

Хуучцуул, дэлт чоно бий гэнэ. Зүгээр ч үгүй хангайн нутагт дэлт чоно бий гэнэ. Харин дэлт чонын элбэг ховрын тухайд гэвэл өдрийн од шиг ховор үзэгддэг гэнэ. Дэлт чоныг үзсэн гэдэг анч гөрөөч нараас, тэр чонынхоо шинж төрөхийг өгүүлнэ үү гэхэд,
- Бие маш томтой. Жирийн чоно түүний дэргэд эхийнхээ хамт буй тугал л гэсэн үг гэнэ. Дэлт чоно цээж ханхгар, сээр өндөр, сэрвээн дээгүүрээ, хойшоо дарсан тожгор хар дээлтэй, мөн ч жирийн чоныг бодвол зогдортой ч юм шиг харагддаг гэнэ.
- Тэр чинь дол цохиж долоо шархадсан хөгшин азарган чоно бус уу? гэвэл,
- Насаараа хээрээр гэр хийж, хөх мөнгөн тэнгэр бүрхүүлийнхээ дор явдаг хүнээс тийм гэнэн томоогүй юм асууж юугаа хийнэ. Дэлт чоно жирийн чоно хоёрыг ялгахгүй бол анчин гэж сүр болсны ч хэрэггүй шүү дээ гэнэ.
- Жирийн чоно, дэлт чонын дэргэд ямар янз шинжтэй байдаг вэ? Гэвэл
- Ой, хангай чонын нуруун үсний үзүүр хар сортой, хэвлий нь нилээд цайвардуу, заримдаа шаргалдуу болоод хөх ноолууртай, жижгэвтэр жартгайдуу нүдтэй... Цас бороо, шороо нүүр нүдгүй харанхуйг далимлан малруу дайрна. Тийм дээрээс хэрээ шорооноор, чоно борооноор гэдэгүг гараа биз. За тэгээд идхээсээ сэглэх дуртай. Бөөн хонин дунд орсон бол хичнээн ч хамаагүйг хонины сүүл таслана. Хоолойг нь тас хазна. Шөнө малын хашаа давна. Малын бөх бат бус саравчийг дээрээс нь цоолоод орсон үзэгдэнэ. Түүний жижиг үүдэн шүд, хурц том хоёр соёо, хатан төмөр шиг араа нь аймшигтай.