Далай совин алтан сандалт хааны отгон хөвгүүн Бөртээс эхлээд Бэхир баатрын хөвгүүн Мэнэн Тудан төрсөн хүртэлх түүх Бурхан нярваанд нөгчиж, гурван мянга хоёр зуун тавь илүү жил болсонд, умар монголын газарт Богд Чингис хаан төрсөн ёсон ийм буюу. Түвдийн эн тэргүүн Хүзүүн сандалт хаанаас салсан Далай совин алтан сандалт хааны хөвгүүн нь гурав буюу ах нь Борочу, дэд нь Шибагучи, отгон нь Бөртэ Чинуа буюу. Өөр зуураа муудалцаж Бөртэ Чинуа умар зүг тэнгис далай гэтэлж жадын (харийн) газар ирээд, эр үгүй Гоо Марал нэрт охиныг авч жадын газар нутаглан Монгол омогтон болов. Дээр тэнгэрийн заяагаар тэнгис далайг гэтэлж ирсэн Бөртэ Чинуа, Гоо Марал хоёр Бурхан Халдунаа нутаглаж агсан ажээ. Тэр хоёроос Батцагаан төрөв. Батцагааны хөвгүүн Тамача, Тамачийн хөвгүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвгүүн Уужим буурал, Уужим бууралын хөвгүүн Сали халжау бөлгөө. Сали халжаугийн хөвгүүн Их нүдэн нэрт бөлгөө. Их нүдэний хөвгүүн Сэмсочи нэрт бөлгөө. Сэмсочийн хөвгүүн Харачус нэрт бөлгөө.