ИНҮТ
Номын сан
Адтай мятав

Нэг өдөр сонины эрхлэгч намайг дуудаж Чамайг томилолтоор хөдөө явуулж, Мятав гэдэг хүний тухай сурвалжлуулахаар боллоо. Тэр хүн саяхан, шатаж байгаа таван давхар байшингийн тагтан дээрээс нэгэн хүүхдийг буулган авч амийг нь аварсан байна гэлээ. Би «буулган авч гэнэ үү? Өөрөө дор нь байж байгаад шат тавьж өгсөн хэрэг үү?» гэж асуулаа. Эрхлэгч:  -Ийм учиртай юм гэнэ. Үүдний өрөөнөөс нь гэнэт хүчтэй гал дүрэлзэн асахад найман настай жаал хүү яах ч аргаа ололгүй тагтан дээрээ зугтан гарчээ. Удалгүй хойноос нь харанхуй хар утаа хуйлран баагьж, юу ч үлдээлгүй хуйхлах гэсэн шиг улаан гал өрвөлзөн эрчилж, үе үе хүүхдийн биед хүрч байжээ. Гудамжид цугларсан хүмүүс хий дэмий «Хаалга нь дотроосоо түгжээтэй юм. Одоо яана аа. Бусад нь дүүрч, тэр хүүг л авах юмсан, шат байгаад хүрэхгүй нь. Юун ч өндөр юм бэ» гэх зэргээр учир замбараагүй шуугилдаж, юу хийхээ мэдэхгүй самгардан бужигналдсан гэнэ. Гэтэл Мятав тэдэн дээр ирж, байдлыг мэдмэгц манайхаас урт олс аваад ир гэж хүүхэд гүйлгэжээ. Бүх хүмүүсийн найдвар гагцхүү Мятавт хандаж түүний хэлэх, хөдлөхийг л харцгааж байжээ. Хүүхэд олс авчирмагц Мятав үзүүрийг дээш Шидэж, тэвдэж сандарсан хүүд: - Тайван бай. Олсны үзүүрээр биеэ ороон сайн барь. Тэгээд доошоо үсэр! гэлээ. Хүү ч заасан ёсоор нь үсэрчээ. Харж зогссон хүмүүс цөм дуу алдацгаав. Мятав хүүг үсэрмэгц хүчийг нь дагуулан олсоо хүчтэй эргүүлжээ. Олсноос зуурсан хүү гайхан шуугилдаж байсан хүмүүсийн толгой дээгүүр Мятавын гарын аясаар эргэлдэж гарчээ. Тэгснээ Мятав эрчийг нь бууруулан бууруулсаар хүүг дэргэдээ буулгаж авсан гэнэ.«Хачин юм даа» гэж намайг дуу алдахад эрхлэгч -Нээрээ тун сонин юм шүү. Би дуулснаа л чамд ярьж өглөө. Сайн сурвалжилбал өөр юм ч олдож магадгүй гэсэн юм. Ингээд би Мятав гуайг эрэн сурвалжлахаар хүлгийн жолоог хөдөө тийш нь заллаа.